Онцгой гавьяа байгуулсан алба хаагчийг урамшууллаа

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам” -ыг үндэслэн гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож 2018 онд Онцгой гавьяа байгуулсан Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Эрхэмбаярт шинэ оны босгон дээр мөнгөн урамшуулал буюу 16 сая төгрөгийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон удирдах зөвлөлөөс олголоо.

Тэрээр Онцгой байдлын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ахуйн гал түймрийн дуудлагаар 94, ой, хээрийн гал түймрийн дуудлагаар 36, үер болон цасан шуурганд боогдон алга болсон хүний дуудлагаар 11 удаа ажилласан. Ажиллахдаа 18 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 950 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, үүргээ нэр төртэй биелүүлж байна. Мөн малын гоц халдварт шүлхий өвчний голомтод хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйжүүлэлт, устгал хийхэд 115 хоног, Хэрлэн сумын “Сөүл” караокед гарсан гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн нэг хүний амь насыг авран хамгаалжээ. Түүнчлэн ээлжийн амралттай явж байх хугацаандаа Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт байрлах “Гүн цэнгэг” амралтын газрын “Гүн цэнгэг” нуурнаас дөрвөн охины амь насыг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгсөн байна.
2-2IMG_4771

IMG_8568